Загварын ертөнцийн ханхүү Yves Saint Laurent-ийн ертөнц хийгээд түүний амьдрал уран бүтээлийн тухай эргэцүүлэл

tumblr_l001r5efnh1qav8fpo1_1280_vsco

1. Хотын төвийн зурагт самбар, бренд дэлгүүрийн гудамжаар явах үед YSL гэсэн логог хараад хамгийн түрүүнд үргэлж толгойд минь

Бид авьяас билэг хаанаас чухам бий болдгийг мэддэггүй, хэн ч танд заахгүй заах эрх ч байхгүй, тэр зүйл бидэнтэй л хамт төрдөг

хэмээх ишлэл яагаад ч юм хаанаас ч юм ороод ирдэг. Загварын ертөнцийн тухай өргөн мэдлэг хуримтлуулж амжаагүй байгаа ч зах зухаас нь суралцаж л яваа надад сүүлийн гурав дөрвөн жилийн турш хамгийн дуртай бренд, загвар зохион бүтээгч минь Yves Saint Laurent байсаар л байна. Түүний үүсгэн байгуулсан загварын ордон, амьд ахуй цагтаа урлаж байсан бүтээл тэр байтугай нэрийг нь франц аялгаар Ив Сен Логоон гэж дуудах нь хүртэл нь надад тансаг мэдрэмж төрүүлдгийг нуух юун. Найман настайгаасаа эхэлж охин дүү нарынхаа хүүхэлдэйнд хувцас оёж эхэлж өсвөр насандаа ээж болон дүү нарынхаа өдөр тутмын хувцсыг урлан хотхоны хамгийн загварлаг гэр бүл болгосон түүний авьяас хэтэрхий балчирт нь илэрч тодорч байжээ. 17 насандаа Парист хөл тавьж одоог хүртэл хамгийн чанартай загвар зохион бүтээгчдийн төрөн гаргадаг Chamber Syndicale de la Haute Couture-д элсэн орсон цагаасаа загварын акулуудын нүдэнд тусаж тэр үеэсээ л алдар хүндийн эхлэл нь тавигдаж эхэлсэн гэдэг. French Vogue-ийн редактор Michel De Brunhoff түүний авьяас билгийг ихэд үнэлэн Christian Dior-т танилцуулан түүний удирдлаган доор дөрвөн жил ажилсаны дараа 21хэн насандаа Christian Dior-ийн залгамжлагч загварын бяцхан ханхүү болсон юм.

20b33ab9a5ea8c2035a19b6151e0c5cf
Кристиан Диор болон Ив 1950-аад оны дунд үед

2. Бурхнаас өгөгдсөн хосгүй авьяас билэгтэй хүмүүс яагаад дандаа бусдаас хэтэрхий өөр зарим талаар гажиг ч гэж хэлмээр байдаг юм бол гэж би цөөнгүй гайхдаг. Магадгүй над шиг эгэл жирийн хүний хязгаараас хэтэрсэн оюун санаа, мэдрэмж, ертөнцтэй болохоор хүйсийн сонирхол нь хүртэл өөр байдаг юм болов уу?  Амжилт алдар цууд хүрсэн хэн болгоны ард түүний ар тал нь болж, үргэлжид тулж ямар ч үед дэргэд нь байдаг хэн нэгэн байсаар л байдаг. Тэр хэн нэгэнгүйгээр магадгүй тэд хэн ч биш байх байсан болов уу? Ив Сен Логооний амьдралын хань, уран бүтээлийн зөвлөх, туслах, борлуулагч, хувийн нарийн бичиг Пиерре Бержег дурдахгүйгээр түүний тухай бичнэ гэвэл хэтэрхий хоосон зарим талаар дутуу болох байх. Хамтдаа тавин жилийг туулж, одоог хүртэл YSL ордныг авч яваа тэрээр энэ брендийг энэхүү загвар зохион бүтээгчийг алдар нэрд хүргэсэн гол түлхүүр нь билээ. Ив нэгэн ярилцлагад түүний тухай дурдахдаа тэр бол миний амьдралын хайр, түүнгүйгээр миний уран бүтээл ч би өөрөө оршихгүй гэж хэлсэн нь их энгийн үгс юм шиг мөртлөө надад үнэхээр л хайртай байж дээ гэдэг мэдрэмж зурвасхан орж ирээд өнгөрсөн шүү. Ер нь алдар нэрд хүрсэн загварын томоохон ордны үүсгэн байгуулагчид ижил хүйстэн байх нь бишгүй харагддаг. Dolce&Gabbana, Gianni Versace, Alexander McQueen, Tom Ford, Marc Jacobs,Valentino Garavani зэргээс эхлээд Ив Сен Логооний дотны анд болох Karl Lagerfeld хүртэл ижил хүйстэн гэдэгт та итгэх үү? Солиотой байгаа биз?  Эсвэл тэдний эрэгтэй амбиц, эмэгтэй мэдрэмж нь энэ хүртэл хүргэсэн юм болов уу?

yves-saint-laurent-pierre-berge-suits
Ив болон Пиерре, L`Amour Fou-ийн архиваас, зургийг Alice Springs

3. Түүний урлагийн онгодыг хөглөгч сахиусан тэнгэрүүд нь гагцхүү зөвхөн эмэгтэйчүүд л байжээ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг бахдан биширч тэрүүгээр хөглөгддөг байснаа Ив Сен Логоон хэзээ ч нууж байгаагүй юм. Бага ахуй цагтаа зөвхөн ээж болон охин дүү нараараа хөглөгдөж тэдэндээ зориулан хувцас урлаж хамгийн загварлаг охид болгодог байсан бол хожим Christian Dior ордны загвар өмсөгч үзэсгэлэнт Victoire Doutreleau-д зориулан загвараа урладаг байснаас гадна хамгийн чамин загвараа зөвхөн түүнд өмсүүлж хамгийн түрүүн эгнээнд л зөвхөн алхуулдаг байсан гэдэг. Тэдний учир битүүлэг, одоо хүртэл нууц хэвээр үлдсэн найзын, загварын, хамтрагчийн эсвэл амрагийн харилцаа тийм ч удаан үргэлжлээгүй ч Ив Сен Логооний гэрлэхийг хүссэн цорын ганц эмэгтэй нь Викторие байсан гэдэг.

yves-saint-laurent-ysl-1
Ив болон Викторие

4. Yves Saint Laurent-ийн загварын ертөнцийхнийг шуугиулж “Хатагтай Шанель бүсгүйчүүдийг чөлөөлсөн бол би тэднийг зоригжуулсан” хэмээн хэлсэн үг нь одоог хүртэл түүнийг дурссан тэмдэглэл бүхэн дээр бичигдсэн байдаг юм билээ. Хувцас загварын орчин үеийн уран зурагтай хамгийн анх холбосон дизайнер болсон түүний 1965 онд гаргасан Mondrian collection нь Анди Уорхол, Ван Гоог болон хамгийн гол нь Данийн уран зураач Пиет Мондрианаас сэдэвлэн бүтээсэн загварууд нь түүний уран бүтээлийн хамгийн оргил хийгээд чөлөөт, зоригтой үе нь байсан юм. Миний бодлоор дээрх ишлэлд Ив зөвхөн бүсгүйчүүдийг зоригжуулаад зогсохгүй өөрийгөө зоригжуулан урьд өмнөх бүтээл бүхэн дээрээс нь үнэртдэг байсан сонгодог загвараа эвдэн дотоод мөн чанараа гаргаж ирсэн юм шиг санагддаг шүү.

ysl-1965-mondrian-dress
YSL, 1965 он, Мондриан загвар

5. 1960-1980 он бол Ив Сен Логооний хувьд урлаг хийгээд өөрийн хувийн каррьерийн хувьд оргил үе нь байсан гэж би дахин давтаад биччихье. Эрэмгий зоригтой загвараас эхлээд өөрийгөө нийгэмд хүмүүст танилцуулах өнцөг нь хүртэл өөр болж байлаа.Тэрээр хориодхон настай загварын ичимхий ханхүүгээс францийн хамгийн зоригтой уран бүтээлч болсон юм. 1971 онд YSL Pour Homme хэмээх сүрчигний зар суртчилгаандаа өөрийн биеэр тэр байтугай нүцгэнээр гарсан нь тухайн үед Франц төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт тараагдаж түүний нэр хүнд улам л галзуурам өсөж байлаа. Түүнийг бишрэн хүндлэх нэгэн хэсэг байсан ч буруутган шүүмжилж нийгмийг ард түмнийг ижил хүйстний завхай явдал руу уруу татаж байна гэсэн сөрөг хандлага ч бишгүй байсан юм. Гэхдээ энэхүү зар сурталчилгаа нь зөвхөн загварын ертөнцөд ч төдийгүй фото зурагт шинэ урсгалыг гаргасан юм болов уу гэж би боддог шүү. Чухам энэнээс хойш л зөвхөн эмэгтэйчүүд биш эрэгтэйчүүд сэтгүүлийн нүүрэн дээр нүцгэлэх зоригтой болсон юм шиг.

2010-05-27-screenshot20100527at11-10-53am
YSL, Pour Homme, 1971 он, гэрэл зургийг Jeanloup Sieff

6. Өнөөдрийн Yves Saint Laurent дэлхийн гучин оронд албан ёсны эрхтэй дэлгүүрээ ажилуулж зөвхөн хувцас загвараас гадна арьс арчилгаа, гоёл чимэглэл, цүнх хийгээд гутал, үнэртэй уснаас эхлээд бүхий л салбарт хүчтэй амжилтийг дагуулсаар байна. Мэдээж энэ бүхний ард Ивийн амьдралын хань Пиерре одооог хүртэл байсаар л байгаа. ❤
tumblr_ni0fgbpmcm1qerx9uo1_1280
Б.Оюунболор
2017.02.21- Сидней хот, Австрали ❤

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s